Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Tuesday, January 25, 2011

НОАГИЙН ХӨВӨГЧ АВДАР БОЛОН УСАН ГАЛАВ ҮНЭХЭЭР БОДИТ ЗҮЙЛ ҮҮ?

Зохиогчид: Кен Хам болон Тим Ловетт нар (2007.10.11)
Ноа болон түүний хөвөгч авдар бол яах аргагүй хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн алдартай үйл явдлуудын нэг билээ. Харамсалтай нь бусад Библийн түүхэн үйл явдлуудын нэгэн адил олон хүмүүс үүнийг эртний үлгэр домог төдийхнөөр төсөөлдөг.
Библи бол ертөнцийн үнэн түүхийг өгүүлсэн ном юм. Тэр ч утгаараа Ноагийн усан галав болон хөвөгч авдрын тухай асуултууд итгэл төгс, бүрэн дүүрнээр хариулагдах учиртай.

Асуулт: Ноагийн хөвөгч авдар хэр том байсан бол?
“Хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.” (Эхлэл 6:15)
Этгээд марзан маягаар дүрсэлсэн зарим нэг зураг шиг хөвөгч авдар ямар нэгэн өндөр байшин барилга шиг (дээд давхарт нь анааш зэрэг нь байрлаад цухуйж буй байдалтай ч юм уу) байсангүй. Харин Библид үүнийг тодорхойлсныг үзвэл энэ бол яах аргагүй аварга том хөлөг онгоц байсан. 1800-аад оны сүүлч хүртэл Ноагийн хөвөгч авдрын дайтай аварга хөлөг онгоцыг хүн төрөлхтөн бүтээж чадаагүй юм.

Хөвөгч авдрын хэмжээсүүдэд бидний үнэмшлийг төрүүлэх хоёр зүйл байна: эхнийх нь, харьцааны хувьд энэ нь орчин үеийн тээврийн хөлөг онгоцнуудын харьцаатай адил байна. Хоёрдугаарт, модоор бүтээсэн хөлөг онгоц боловч хэмжээний хувьд хангалттай том байсан. Дээр дурдсан тохойгоор (cubit) өгөгдсөн хэмжээс нь бидэнд бодит хэмжээнийх нь талаар сайн зураглалыг өгч байна1. Тохойгоор өгөгдсөн хэмжээсийг ашиглаад бид хөвөгч авдар уртааш 137 метр, өргөөш 23 метр, өндрөөш 14 метр байсныг мэдэж болно. Өрнөдөд, модон хөлөг онгоцыг хэзээ ч 100 метрээс уртаар хийж байгаагүй бөгөөд эртний Грекчүүд ойролцоогоор 2000 жилийн тэртээд ийм хэмжээтэй хөлөг онгоц бүтээж байсан байна. Хятадад 1400-аад оны үед хөвөгч авдрын хэмжээнд дөхөж очихуйц аварга хөлөг онгоцнуудыг хийж байжээ. Өнөөгийн дунд хэрийн ачааны хөлөг онгоцны хэмжээтэй Библийн энэхүү хөвөгч авдар бол бүх цаг үеийн хамгийн том модон хөлөг онгоцнуудын нэг юм.

Асуулт: Ноа хөвөгч авдрыг яаж барьж чадсан юм бол?
Библи бидэнд Ноа болон түүний хөвгүүд хэдүүлхнээ хөвөгч авдрыг барьсан гэж хэлдэггүй. Ноа хөлгийг барихдаа чадварлаг ажилчдыг хөлсөлсөн ч юм уу, эсвэл Метусела, Ламех зэрэг хамаатнуудаа дайчилсан байж болох юм. Хэдий тийм ч тухайн үед хөвөгч авдрыг тэднийг өөрсдөө бариагүй гэх ч юм уу, эсвэл барих боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл бас байхгүй юм. Ноагийн үеийн хүмүүсийн тамир тэнхээ, сэтгэн бодох чадвар нь өнөөгийн биднийхээс огт дутахааргүй (бүр илүү) байжээ.2 Тиймээс тэд мод сонголт, огтлолын тал дээр, түүнчлэн хэрэгцээт гуалин, хавтангуудаа их хэмжээгээр нь цагаалах, тээвэрлэх, боловсруулах, зохион бүтээх зэрэг тал дээр үр ашигтай арга хэрэглэж байсан байх бүрэн боломжтой.
Өнөөдөр томоохон байшинг (house) 1-2 хүн ердөө л 12 долоо хоногийн дотор барьж чадаж байгаа бол 3-4 хүн хэдэн жилийн туршид хэр ихийг бүтээж чадах бол? Адамын үр удмынхан хөгжмийн зэмсгүүдийг иж бүрдлээр нь хийж, метал боловсруулж, хотуудыг барьж босгож байснаас үзвэл тэдний багаж, машин техник нь лав л болхи бүдүүлэг зүйл байгаагүй бололтой.
Түүх бидэнд технологи алдагдсан байж болохыг харуулдаг. Египет, Хятад, Америкт байсан эртний хаант улсуудад уран хийцтэй, боловсронгуй барилгуудыг барьж байсныг, бас урлаг, шинжлэх ухаан нь илүү хөгжсөн байсныг бид хардаг. Өнөөдөр орчин үеийн олон технологийн дэвшилтүүд нь эртний технологийг дахин ашигласан шинжтэй байдаг (жишээлбэл, эртний Ромчуудын хэрэглэж байсан цемент г.м.).
Усан галваас хойш байсан технологиуд алдагдсан тухай эдгээр баримтуудаас үзвэл усан галваас өмнөх соёл иргэншлийн хувьд Ноагийн хөвөгч авдар зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх чадвартай инженерчлэлийн ноу-хауг (know-how) эзэмшиж байсан байх бүрэн боломжтой юм. Египетчүүд боржин чулууг хөрөөдөж, өрөмдөхөөс хэдхэн зуун жилийн өмнөх Ноагийн үеийн хүмүүс мод хөрөөдөж, өрөмдөж байсан байх бүрэн үндэслэлтэй. Эрт дээр үед байсан соёл иргэншлүүд нь бүдүүлэг, болхи байсан гэсэн санаа бол хувьслын онолын л үзэл санаа юм.
Гэвч үнэндээ, Бурхан Адамыг бүтээх үед тэр бүрэн төгс бүтээл байсан. Өнөөдөр хүмүүний оюун санаа гэм нүгэл, ялзралын доор 6000 жилийн туршид тарчилсаар байна. Сүүлийн хэдэн зууны туршид гарсан технологийн сэргэлт бол оюун ухааны өсөлт хөгжлөөс улбаалан бий болсон зүйл биш ээ. Энэ бол өнө удаан хугацаанд хэвлэн нийтэлж, хуваалцаж хуримтлуулсаар ирсэн санаа сэдлүүдийн хуримтлал, гол нээлт ололтуудын цар хүрээ бөгөөд энэ хуримтлал нь улмаар үйлдвэрлэл, судалгааны гол багаж хэрэгслэлүүд нь болсон юм. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийн нэг болох компьютер л гэхэд өмнө нь магадгүй хэзээ ч байгаагүй мэдээлэл хадгалах, мэдээллийн сан бүрдүүлэх үүргээ нотлон харуулснаасаа хойш бидний улам доройтсоор буй оюуны чадавхи болон зохион байгуулах чадварын маань маш чухал нөхөн орлогч маань болсоор байна.

Асуулт: Асар олон амьтдыг Ноа яаж цуглуулж чадсан юм бол?
“Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно.” (Эхлэл 6:20)
Энэ ишлэл бидэнд Ноа амьтдыг хөлөгт суулгахын тулд алс хол газар уруу хэрэн тэнэж яваагүй гэдгийг хэлж өгдөг. Библийн Эхлэл номын нэгдүгээр бүлгээс үзвэл усан галваас өмнөх дэлхийн газрын зураг өдгөөгийнхөөс тэс өөр байсныг бид харж болно. Магадгүй тухайн үед ердөө л ганцхан тивтэй байсан болов уу. Амьтад хөвөгч авдрын зүг “зөн билгийнхээ дуудлага”-аараа (Бүтээгч анхнаас нь амьтдад суулгасан зан авир) өөрсдөө ирсэн.
Энэ бол ер бусын үйл явдал (өнөөгийн бидний ойлголтоор үүнийг магадгүй хэн ч тайлбарлаж чадахгүй) байсан ч гэлээ үүнийг өнөөгийн бидний харж байгаа зарим амьтдын нутаг сэлгэн нүүх гайхалтай зан авиртай харьцуулаад үз дээ. Бурханы бүтээлүүдийн дундах иймэрхүү гайхалтай зан авиртай амьтдыг бид өдий хүртэл хэрхэн яаж ингэж амьдарч байгааг нь тайлбарлаж чадахгүй л байна шүү дээ. Жишээлбэл, нүүдлийн шувуудын гайхамшигт нүүдэл, Хаан эрвээхэйнүүдийн ер бусын нислэгүүд, халим болон загаснуудын жил бүрийн аяллууд, зарим амьтдын ичих зөн билэг (ичээндээ орох), газар хөдлөлтийн мэдрэмж гээд тоочоод байвал тоолж барамгүй тун гайхалтай чадварууд Бурханы бүтээсэн амьтдад бий.

Асуулт: Ноагийн хөвөгч авдар дотор үлэг гүрвэлүүд байсан уу?
Бурханы бүтээлийн түүх (Эхлэл 1, 2-р бүлэгт) бидэнд газар дэлхий дээр хөлхөн хөдлөгч аливаа амьтад бүгд Бүтээлийн долоо хоногийн Адам, Еваг Бурхан бүтээсэн өдөр болох 6 дахь өдөрт бүтээгдсэн гэдгийг хэлж өгдөг. Тиймээс үлэг гүрвэлүүдийн хувьд ч хүнтэй хамтдаа бүтээгдсэн гэдэг нь тодорхой юм.
Түүнчлэн хөвөгч авдарт газрын амьтад бүгд хос хосоороо (зарим нь долоо долоогоороо) орсон байна. Усан галваас өмнө газрын амьтдын ямар нэгэн зүйл мөхөж үгүй болсон гэх баримт байхгүй. Түүнээс гадна Библийн Иов номын (Иов бол усан галвын дараа амьдарч байсан хүн) 40-р бүлэг дээр (тодруулбал 15-24-р ишлэлд гардаг, С.Б) гардаг behemoth (Ариун Бичээс Библийн Нийгэмлэгийн 2004 оны Ариун Библийн монгол орчуулганд энэ үгийг буулгахдаа “усны үхэр” хэмээн буулгасан нь төдийлөн оновчтой биш болов уу С.Б) гэж амьтны тодорхойлолтыг үзвэл энэ амьтан нь сауропод үлэг гүрвэлийн (sauropod dinosaur) зүйлийн амьтан байсныг бид харж болно. Энэхүү behemoth ч хөвөгч авдарт орсон3.
Бид мөн усан галвын тунадсан дунд баригдаж чулуужсан олон үлэг гүрвэлүүдийг олдог. Хаа сайгүй байдаг луугийн тухай хууч домгууд ч бидэнд зарим үлэг гүрвэлүүд усан галвыг даван гарч, галав юүлсний дараа ч оршин байсан тухай өөр нэгэн баримт болж байна. Ийнхүү усан галвыг даван гарсан байх цорын ганц боломж бол тэд хөвөгч авдарт орсон байх явдал юм.
Аварга амьтдын төл зулзагуудын хувьд тэд ямар нэгэн байдлаар хэмжээний хувьд асуудал үүсгэдэггүй бөгөөд бага залуу амьтдын хувьд өсөж үржих бүхий л амьдрал нь тэдний өмнө нь хүлээж байдаг билээ. Дийлэнх үлэг гүрвэлүүдийн хувьд тэд бүгд үлэмж том хэмжээтэй байгаагүй. Тэдний зарим нь (хувьслын онолыг баримтлагч олон эрдэмтдийн үздэг шиг тэд шувуудтай ямар нэгэн холбоо байхгүй ч) хэмжээний хувьд тахианы дайтай байсан. Дийлэнх эрдэмтэд үлэг гүрвэлүүдийн дундаж хэмжээ үнэндээ хонины дайтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Жишээлбэл, Бурхан Ноаг өсөлт хөгжилт бүрэн гүйцсэн хос сауроподоос илүү бага залуу хос сауроподуудыг (ө.х., апатозаур) авахыг илүүд үзсэн болов уу. Түүнчлэн заан, анааш зэрэг үлэмж биет амьтдын хувьд ч адилхан. Хэдий тийм ч гэлээ нас бие нь бүрэн бойжсон амьтад байлаа ч хөвөгч авдарт хангалттай өрөөнүүд байсан.
Үлэг гүрвэлийн зүйлийн тооны тухайд хэдийгээр хэдэн зуун зүйлийн үлэг гүрвэлүүд олдсон гэж байгаа ч гэлээ үнэндээ яг одоогоор тогтоогдоод байгаагаар 50 орчим зүйлийн үлэг гүрвэлүүд байсныг санах нь зүйтэй.

Асуулт: Хөвөгч авдарт Ноа яаж бүх амьтдыг багтааж чадсан юм бол?
“Чи өөртэйгөө хамт үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул.” (Эхлэл 6:19)
Бүтээлийн онолч, судлаач Жон Вүүдмораппе (John Woodmorappe) Noah’s Ark: A Feasibility Study4 (орчуулбал, Ноагийн хөвөгч авдар: Боломжит байдлын судалгаа) хэмээх номондоо Бурхан хөвөгч авдарт ихдээ л 16000 толгой амьтныг аврахаар оруулсан хэмээн дурдсан байна.
Хөвөгч авдарт бүх төрөл зүйлийн амьтдыг оруулах шаардлагагүй байсан. Тэгээд ч Бурхан тийнхүү тушаагаагүй. Хөвөгч авдарт амин амьсгалтай, газар дэлхий дээр хөлхөн хөдлөгч амьтад, мөлхөгчид хийгээд далавчит амьтад болох шувуудыг л авч оруулсан. Усны амьтад (загас, халим гэх мэт) болон олон төрлийн хоёр нутагтангууд хөвөгч авдраас гадна байсан ч хангалттай тоо хэмжээгээр амьд гарч чадсан. Энэ нь хөлөгт орох хэрэгцээт нийт амьтдын тоог мэдэгдэхүйц багасгаж өгчээ.
Хэрэгцээт орон зайг багасгаж өгсөн нэгэн чухал хүчин зүйл бол Ноагийн өдрүүдэд өнөөдрийнх шиг амьтдын төрөл зүйл нь аймаар их байсангүй. Дэлхий дээр цаашид үржин олшрох эдгээр зүйл амьтдын зөвхөн өвөг амьтад нь л хосоороо хөлөгт орох шаардлагатай байсан5. Жишээлбэл, өнөөгийн нохойн олон зүйлүүд өсөн үржихэд зөвхөн эр, эм хоёр нохой л хэрэгтэй байжээ.
Бүтээлийн онолчид хөвөгч авдарт орох шаардлагатай байсан амьтдын тоо нь хамгийн ихдээ л хэдхэн мянгаас 35000-ын хооронд хэлбэлзэж байсан гэж тооцдог. Гэхдээ хэрэв Библид дурдаж буй амьтад нь өнөөгийн амьтны аймгийн ангиллаар ангилагддаг байсан гэж үзвэл тэдгээр амьтад нь хоёр мянгаас ч бага байсан болж таарна.
Дээр дурдсанчлан, Ноа үлэмж том амьтдыг хөвөгч авдартаа оруулаагүй болов уу. Түүний оронд усан галвын дараа өсөж үржихийн тулд тэдгээр амьтдын төл зулзагуудыг авч оруулсан байх. Тэдгээр бага залуу амьтад бага зай, бага хоол тэжээл шаардахын зэрэгцээ бага хэмжээгээр бохирдлыг үүсгэдэг.
Уламжлалт тооцооллын дагуу хөвөгч авдарт тохойн хэмжээсийг багаар буюу 18 инч (46 см) байхаар тооцоод Вүүдмораппегийн хийсэн дүгнэлт нь: “Хөвөгч авдрын гурван тавцангийн нийт талбайн талаас бага хувийг л амьтдад болон тэдний хашаа хороонд зориулсан байна”6 гэжээ. Энэ нь хөвөгч авдарт цэвэр ус, хоол хүнс хийгээд хүмүүст зориулах зай хангалттай байсан гэсэн үг юм.

Асуулт: Ноа яаж бүх амьтдыг тэжээж байсан юм бол?
Бурхан энэхүү ер бусын үйл явдалд амьтдыг урьдаас бэлдэж байсан нь гарцаагүй бөгөөд тиймдээ ч тэднийг Ноа уруу ямар нэгэн “онцгой тэнгэрлэг” аргаар авчирсан нь ойлгомжтой. Бүтээлийн онолчид үзэхдээ Бурхан амьтдыг тэр үед хөвөгч авдарт оруулаад, тэндээ ичээлэхэд хүргэсэн гэж үздэг. Иймэрхүү үзэгдлийг бид өнөөдөр ч олонтаа хардаг шүү дээ. Ихэнх амьтдад байгалийн аливаа гамшиг тохиолдоход өөрсдийгөө хамгаалах, гамшгаас зугтах дархлаа өгөгдсөн байдаг. Бурханы тэнгэрлэг нөлөөллийг авсан олон амьтад тэр үед ичээлсэн байх нь илүү магадлал өндөртэй.
Энэ нь тэнгэрлэг нөлөөллийн улмаас болсон ч бай, эсвэл зүгээр л харанхуй орчин болон хөвөгч авдрын бүүвэйлэх мэт дайвалзах хөдөлгөөнд хариу үзүүлэх төрөлхийн үйлдлээсээ ч болсон бай бидэнд тодорхой мэдэгдэж буй зүйл бол Эхлэл 6:14-д Бурхан Ноад тасалгаануудыг (еврей хэлээр “gen” буюу “үүр”-үүд гэж бичигдсэн байдаг) гарга гэж хэлсэн гэдэг нь амьтад тэнд номхон байсан буюу үүрлэсэн байсан гэдгийг илэрхийлж байна. Эхлэл 6:21-ийг үзвэл Бурхан мөн Ноад “тэдэнд зориулж хоол хүнс авч хадгал” гэсэн нь тэд бас бүтэн жилийн турш унтаа байгаагүй гэдгийг илэрхийлдэг.
Хэрвээ бид барьж босгосных нь дараа хөвөгч авдар дээр очиж үзсэнсэн бол хөлгийн цэвэр ус, хүнсний хадгалалт болон түгээлтийн ухаалаг системийг нь хараад алмайран гайхах байсан нь лавтай. Noah’s Ark: A Feasibility Study хэмээх номондоо Вүүдмораппе үүнийг тайлбарлахдаа өнөөгийн хэдхэн малчид (фермерүүд) маш бага зайд мянга мянган үхрийг (бусад амьтдыг ч мөн адил) өсгөж чадна гэдгийг жишээ авчээ. Ингэж бодвол, хөвөгч авдар дотор цөөхөн хэдхэн хүмүүс тэдгээр мянга мянган амьтдын хоол унд, хүнс тэжээлийг нь өгч, хог ялгадсыг нь гадагшуулахад шаардлагатай янз бүрийн л багаж хэрэгслүүд хэнд ч бодогдох буй за..
Вүүдмораппегийн дурдсанчлан найман хүн 16,000 амьтныг тэжээхэд ямар ч тусгай төхөөрөмж хэрэг байсангүй. Хэрэв тийм төхөөрөмжүүд байсансан бол тэдгээр нь хаанаас эрчим хүчээ авах вэ? Хэд хэдэн боломж бий л дээ. Татах хүчний нөлөөгөөр мал услах систем ч юм уу, салхийг юм уу давалгааны хөдөлгөөнийг ашигласан агааржуулах систем ч юм уу, эсвэл амьтдыг хооллохын тулд өвс тэжээлийг нь өгдөг томоохон өгөлтийн систем зэргийн талаар яривал юу гэхэв? Эдгээрийн аль нь ч тэр үед оршин байсан эртний соёл иргэншлүүдийн хэрэглэж байснаас илүү өндөр технологи биш ээ. Тэгээд ч Ноагийн амьдарч байсан галав юүлэхээс өмнөх эдгээр соёл иргэншлүүдийн ур чадвар, нөөц бололцоо, чадавхи нь нилээд өндөр байсан мэт ажиглагддаг.

Асуулт: Усан галав хөлхөн хөдөлдөг бүх амьтдыг хэрхэн устгасан юм бол?
“Газар дэлхий дээр хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.” (Эхлэл 7:21-22)
Ноагийн усан галав бол урьд өмнө болж байсан 40 хоногийн ямар ч далайн болон усан шуурганаас хол давуу сүйтгэх хүч чадалтай байсан. Бичээст өгүүлэхдээ “газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ” хэмээдэг. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтүүд болж, галт уулууд дэлбэрч, газрын гүнээс хайлмаг лав болон буцлам халуун ус газрын хэвлий дээр гэнэт оргилон гарч гэнэтийн сүйрэл болсон гэсэн үг юм. Эдгээр бүх булаг ундаргууд 150 өдрийн турш буюу таван сарын турш, бүх дэлхий үерийн усанд бүрэн автах хүртэл огт зогсолтгүй ундарсаар байсан. Усан галав үргэлжлэх хугацаа цаашид үргэлжилсэн бөгөөд Ноа болон түүний гэрийнхэн жил гаран хөвөгч авдартаа байрласан билээ.
Үүнтэй төстэй орон нутгийн үерүүд, галт уулын дэлбэрэлтүүд, газар хөдлөлтүүд газар нутгийг болон тэр нутагт байсан амьд амьтдыг бүрэн сүйтгэдэг. Гэхдээ эдгээр нь “ертөнц усан галавт автаж, устгагдсан” (2 Петр 3:6) бүх дэлхийн сүйрлийн дэргэд өчүүхэн зүйлс юм. Хөвөгч авдарт ороогүй бүх хүмүүс, бүх газрын амьтад бүгд усан галавт гэнэт сүйтгэгдсэн. Үүний ул мөр болох чулуужин хадгалагдан (лаазалж хадгалсан мэт) үлдсэн хэдэн тэрбум амьтдыг бид өнөөдөр харж байна.

Асуулт: Хөвөгч авдар яаж усан галвыг даван гарч үлдсэн юм бол?
Эхлэл 6:14-16-д дурдсан хөвөгч авдрын тодорхойлолт нь маш богинохон. Эдгээр гуравхан ишлэлд хэмжээс болон бусад чухал хэдхэн мэдээлэл агуулагдсан боловч Ноа үүнээс ч илүү нарийвчилсан зааварчилгааг авсан нь тодорхой. Мосегийн Майхан болон Езекиелийн үзэгдэл дэх сүмийн тодорхойлолтууд зэрэг бусад тэнгэрлэг онцгой барилгууд Библид нарийн дүрслэгдсэн байдаг.
Библи хөвөгч авдрыг дөрвөлжин хайрцаг байсан гэж хэлдэггүй. Бичээс бидэнд урт, өндөр, өргөнөөс өөр Ноагийн хөвөгч авдрын хэлбэрийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Гэвч өнө удаан хугацааны туршид усан онгоцнуудын их биеийг яг энэ харьцааны дагуу хийсээр ирсэн билээ.
Эхлэл номыг сийрүүлэн бичигч Мосе хөвөгч авдрыг нэрлэхдээ tebah гэсэн утга нь үл мэдэгдэх нэгэн үгийг хэрэглэсэн бөгөөд энэ үгээр дараа нь нялх жаал Мосег хийж Нил мөрний усанд урсгасан сагсыг (Египетээс гарсан нь 2:3) мөн нэрлэсэн байдаг. Нэг нь аварга том модон хөлөг, нөгөө нь бяцхан зэгсэн сагс байлаа. Энэ хоёр нь хоёулаа хөвдөг..., хоёулаа эрсдэлд орсон амь..., хоёулаа битүү таглагдсан байв. Гэхдээ хоёулаа адилхан төгсөлтэй байлаа. Бид нялх хүүхдийн сагс хөвөгч авдартай адилхан хэмжээтэй байгаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Бас тухайн үеийн Египетийн сагснууд хэлбэрийн хувьд бөөрөнхийвтөр байжээ. Магадгүй tebah гэдэг үг “амийн завь” гэсэн утгатай байж ч болох юм.
Олон жилийн туршид Библийн бүтээлийн онолчид хөвөгч авдрыг дөрвөлжин хайрцаг байсан мэтээр хялбарчлан дүрсэлж байв. Энэ хэлбэр нь хэдий их биеийн дугарагжилтыг (маталт, махийлт) тусгахаас зайлсхийсэн ч гэсэн үүний хэмжээг дүрслэхэд тус болж байлаа. Энэ нь мөн үүний багтаамжийг харьцуулан үзэхэд ч тус болж байлаа. Тохойн хэмжээсийг багаар, амьтдын “төрөл”-үүдийн тоог хамгийн ихээр нь авч үзээд, бидний дээр харсанчлан, бүтээлийн онолчид ачааг хэрхэн хөвөгч авдарт байрлуулж болох талаар батлан үзүүлдэг байв7. Тэр үед, хэмжээ бол гол асуудал болж, бусад нь хоёрдугаарт тавигддаг байсан.
Гэсэн хэдий ч судалгааны дараагийн үе шат нь далайд аюулгүй байх чадвар, их биеийн хүчин чадал, тогтвортой байдалд илүү анхаарсан юм. Энэ ажил Солонгосын дэлхийн хэмжээний усан онгоцны судалгааны төвд (KRISO) 1992 онд судалгаа хийгдсэнээр эхлэв8. KRISO-ийн есөн судлаачаас бүрдсэн уг баг тухайн үед одоогийн судалгааны төвийн ерөнхий захирал доктор Хонгоор удирдуулж байлаа.
Уг судалгаа хөвөгч авдар 98 фийтийн буюу 30 метрийн өндөр давалгааг даах чадвартай байсныг болон Библи дээр гарч буй хөвөгч авдрын хэмжээний харьцаа нь байж болох хамгийн сайн хувилбаруудын нэг нь болохыг тогтоосон байна. Энэ нь “амьдрал бол тэнгис далайгаас гаралтай” гэж ярьж явдаг, хувьслын онолд итгэдэг Др.Хонгийн сонирхлыг өөрийн эрхгүй татжээ9. Уг судалгаа нь шинжилгээ, загварын давалгаан туршилт болон усан онгоцны стандартууд гэсэн хэсгүүдээс бүрдсэн байсан бөгөөд агуулга нь энгийн буюу Библийн хөвөгч авдрыг ижил эзэлхүүнтэй боловч урт, өргөн, өндрийг нь өөрчлөн сайжруулсан өөр 12 хөлөг онгоцтой харьцуулах байжээ. Тогтвортой байдал, их биеийн хүчин чадал, ая тухтай байдал гэсэн гурван чанарыг нь уг судалгаагаар хэмжсэн байна.

Судалгаа: 1992 оны Солонгосын судалгаагаар усан онгоцны чанаруудыг хэмжсэн нь
Тэр үед Ноагийн хөвөгч авдар чанар тус бүр дээр дэлхийн хамгийн шилдэг загваруудын дунд дундаж гүйцэтгэгч байжээ. Өөрөөр хэлбэл, уг харьцаанууд нь жаахан л өөрчлөхөд маш амархан алдагдах эмзэг загварын баланс гэдгийг харуулж байна. Тиймээс орчин үеийн хөлөг онгоцнууд ч ийм харьцаатай байдагт, энэ харьцааг эдүгээг хүртэл дагаж мөрдөж байгаад гайхах зүйл алга.
Сонирхолтой нь энэхүү судалгаа Эхлэл ном эртний Гилгамешийн домог зэрэг үерийн тухай домгууд дээр үндэслэж Христээс хэдхэн зууны өмнө бичигдсэн гэж барин тавин ярьдаг зүйлс бол дэмий хоосон яриа гэдгийг нотлож байгаа юм. Эртний Вавилоны энэхүү домогт гардаг хөвөгч авдар бол дөрвөлжин хэлбэртэй бөгөөд Солонгосын судалгааны хамгийн богинохон их биетэй загвар болсон ч гэсэн амьдралаас хол тасархай зүйл юм. Гэсэн ч бид Гилгамешийн домог зэрэг эдгээр үерийн талаарх бусад мэдээллүүдийг бусад соёл ахуйд тусан буухдаа гажуудаж өөрчлөгдсөн Ноагийн үерийн алдаатай хувилбарууд гэж таамаглаж болно.
Гэхдээ нэгэн зүйл нууц хэвээр үлдэж байна. Солонгосын судалгаа зарим нэг богино их биес Ноагийн хөвөгч авдрыг бодвол илүү амжилттай байсныг нуусангүй. Энэхүү нийтлэлийн зохиогчдын нэг Тим Ловетт усан онгоцны архитекторууд болох Жим Кинг, Др.Аллен Магнусон нартай хамтран энэ талаар гүнзгийрүүлэн судлаад эдгээр нь хажуугаас ирж буй давалгаанд эргэн байрших чадвараар илүү байгааг олж тогтоожээ.
Тухайн үед давалгаа чухам ямар байсныг бид яаж мэдэх вэ? Хэрвээ тэр үед давалгаа байгаагүй бол тогтвортой байдал, ая тухтай байдал, хүчин чадал зэрэг үзүүлэлтүүд хэрэгцээгүй болж, харьцааны талаар ярих ч шаардлагагүй болно. Түүнчлэн богино их бие нь илүү бага мод, бага ажил шаардсан илүү үр ашигтай хувилбар болох юм. Гэсэн хэдий ч бид хөвөгч авдрын харьцааг хамгийн сайн хувилбарт тооцож болно. Солонгосын судалгаагаар тал бүрээс ирэх давалгааны нөхцөлд туршилт явуулсан үед богино их биес давуу байдалтай байгааг тогтоосон. Харин жинхэнэ далайн давалгаа бол ихэвчлэн салхины зонхилох чиглэлд давалгаалдаг. Энэ үед ч богино, өргөн их бие илүү таатай байж болно.
Усан галвын үед хөвөгч авдарт нөлөөлж байсан өөр нэгэн төрлийн давалгаа нь цунаминууд юм. Газар хөдлөлтүүд нь далайн эргийн бүсийг сүйтгэх цунаминуудыг үүсгэдэг байна. Гэхдээ цунамигийн үеэр усны гүнд аялж яваа завинд энэ нь бараг нөлөөлдөггүй аж. Усан галвын туршид ус маш гүн байв (жич: өнөөгийн далайн ус л гэхэд дэлхийг 2,7 км-ийн гүнтэйгээр бүрэн бүрхэхэд хангалттай). Библид энэ тухай “хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв” (Эхлэл 7:17) хэмээн өгүүлдэг. Усан галвын усаар газраас дээш хөвөн гарч ирснээрээ хөвөгч авдар далайн эргийн зурвас дагуух нам дор газруудыг сүйтгэсэн цунаминуудын эхний сүйрлээс зайлан гарчээ.
Хэдэн сарын дараа далайд Бурхан салхийг салхилуулсан (Эхлэл 8:1) нь хүчит их давалгаануудыг үүсгэжээ. Үнэндээ ийм давалгаанууд нь удаан үргэлжлсэн маш хүчтэй далайн хар шуурга, угалз зэргээс л үүсдэг. Аливаа хөлөг онгоцны хувьд давалгаан чигийг дагаж их бие нь эргэдэг болохыг задгай усан дахь туршилт харуулдаг. Хажуу бөөрийг нь давалгаа цохиход хөвөгч авдар шиг урт хөлөг онгоцнуудад хотойх хүчдэл үүсдэг бөгөөд цаг уурын хүнд нөхцөл бүр ч аюултай байдлыг үүсгэж болох талтай. Хэдий тийм ч гэлээ энэ үед хөлөг онгоцнууд толгойн хэсэгтээ байрлах далбандаа салхины хүчдэлийг (Эхлэл 8:1), сүүлэн хэсэгтээ байрлах залуур эд ангидаа усны хүчдэлийг хүлээж авдаг тул эдгээр хүчдэлүүдийн нийлбэр дүнд уг хөлөгт эргүүлэх хүчдэл үүсдэг байна. Улмаар хөлөг салхины чигийн дагуу уртааш эргэн байршсанаар энэхүү аюултай хүчдэлийг даван гардаг ажээ. Иймэрхүү үзэгдлүүд нь нилээд олон эртний хөлөг онгоцнуудын загварт нөлөөлсөн нь ажиглагддаг. Тиймээс хөвөгч авдрын хувьд ч ийм давалгаан дунд орох үед илүү тогтвортой, аюулгүй байжээ. Салхины аясаар алгуурхан хөвөх хөвөгч авдарт хурдтай явах ямар ч шаардлага байсангүй. Библид энэ тухай хөвөгч авдар усны мандал дээр хөвж байсан гэж тэмдэглэсэн байдаг (Эхлэл 7:18).
Иймэрхүү хөлөг онгоцны толгойн далбан эд анги болон сүүлэн хэсгийн залуур эд ангийн хувьд харьцуулан үзвэл дугарагжсан (шувтан) төгсгөлүүдэд нэг их хүчтэй байдаггүй ч өнцөг үүсгэсэн төгсгөлүүд нь усанд тавих үед болон газардах үед сүйдэж мэдэх нилээд аюултай байдаг байна. Библид нэгэнт жинхэнэ хөлөг онгоцны харьцааг өгснөөс хойш хөвөгч авдар маань яг л хөлөг онгоц шиг харагдаж, ажиллаж байх ёстой болно. Доорх загвар бол Библийн дүрслэл хийгээд бодит туршилтууд, мөн эртний хөлөг онгоцнуудын археологийн олдворууд дээр тулгуурлан хөвөгч авдрыг дүрслэх гэсэн нэгэн оролдлого юм.
Бичээс бидэнд толгойн хэсэгтээ салхи хүлээн авах зэргийн талаар өгүүлээгүй. Ундны ус болон амьтдын тоо толгой, эсвэл хөвөгч авдраас хэрхэн гарах талаар ч өгүүлдэггүй. Эхлэл номонд ердөө маш товч мэдээлэл л бидэнд өгөгдсөн.
Энэхүү шинээр дүрслэн буулгасан хөвөгч авдрын зураглалд Бичээстэй зөрчилдөх нэг ч зүйл байхгүйн дээр үнэндээ Бичээс ямар алдаа мадаггүй болохыг энэ зураглал харуулж байна.
1. Салхины хүчдлийг хүлээн авах эд анги
Салхинд туугдсан давалгаа хөлөг онгоцыг аюултай эргүүлгэнд оруулдаг байна. Гэсэн хэдий ч толгойн хэсэгт нь салхины хүчдлийг авах далбан бүхий эд ангийг босгож өгснөөр хөвөгч авдрыг энэ аюулаас гэтэлгэж болно. Мэдээж энэ далбан маань давалгаан эргүүлэх хүчдлийг даван гарахуйц том байх шаардлагатай. Далбангийн олон төрлийн загварууд байж болох боловч энд эртний хөлөг онгоцнуудад нийтлэг байснаар нь босоо хана мэт далбанг дүрслэсэн болно.

2. Оройгоос нэг тохойн дотор...

Ямарваа хөлгийн тавцан дээр давалгаанд дайвалзах үед нь хөлөгт ус орохоос сэргийлсэн хана (өндөрлөгөө) хэрэгтэй байдаг. Энэхүү зураглалд, үүнийг Эхлэл 6:16-д тодорхойлсноор гэгээвч “авдрын оройгоос нэг тохойн дотор” байрлах ёстой гэснээс санаа аван оруулсан. Гэгээвчийн төвийн байрлалын тухайд “өдрийн гэрэл”-ийг хамгийн хүртээмжтэйгээр тусгах тохиромжтой байрлал гэсэн утгаар нь энд сонгон орууллаа. Энэхүү гэгээвч маань өөрөө заавал нэг тохой хэмжээтэй байх шаардлагагүй юм. Магадгүй энэхүү гэгээвч өөртөө илүү их гэрэл оруулах зориулалт бүхий тунгалаг дээврийн хэсэгтэй байсан байж ч болох юм. Эсвэл гэгээвчийн дээвэр нь онгойдог (энэ нь “Ноа хөвөгч авдрын хавхгийг нээх”-д эвтэйхэн байх ёстой) байсан байж ч болно. Энэ мэтээр олон янзын хувилбарууд байж болох л доо. Гэхдээ ханагүй гэгээвч байна гэдэг нь хамгийн сайн шийдэл биш ээ.

3. Хөлгийн модон холбоосууд

Эртний хөлөг онгоц бүтээгчид ихэвчлэн ажлаа хөлгийн гадар нүүрний банзнуудаас эхэлдэг байсан бөгөөд дараа нь дотор яс модыг зангидах ажлаа хийдэг байжээ. Энэ нь яс модны зангилаан дээр гадар модыг бэхэлдэг Европчуудын аргатай харьцуулбал яг урвуу арга юм. Гадрыг нь түрүүлж угсрах энэ аргад гадар банзнууд хоорондоо ямар нэгэн аргаар сайтар бэхлэгдэх шаардлагатай байдаг. Ингэхдээ зарим нь банзнуудыг хавж байрлуулан хооронд нь шивхдэх юм уу хаддаг байсан бол өөр зарим нэг нь олс ашиглан банзнуудыг хооронд нь оёж бэхэлдэг байжээ. Харин эртний Грекчүүд энэ тал дээр илүү боловсронгуй систем ашигладаг байжээ. Ингэхдээ тэд банзнуудыг хооронд нь хэдэн мянган хавчуурга болон заадлуудаас бүрдсэн холбоосоор холбон бэхэлдэг байж. Ингэж хийсэн хөлөг бусад хөлөг онгоцнуудыг мөргөх үедээ бөх бат байдаг байсан ба багийнхан хөлгийг усанд тавихаар эрэг рүү чирэх үед ч илүү хөнгөхөн байдаг байжээ. Христээс хэдэн зууны өмнө Грекчүүд үүнийг хийж чадаж байсан бол Тубал-каин металл боловсруулж байсан цаг үеэс хэдэн зууны дараа амьдарч байсан Ноа юу хийж чадаж байсан бол?

4. Налуу шатнууд (замууд)

Налуу шатнууд (замууд) бол тавцангуудын хооронд амьтдыг болон хүнд ачаануудыг зөөхөд дэмтэй юм. Эдгээрийн байршлын хувьд их биеийг хотойлгох хүчдлүүд хамгийн ихээр ирдэг төвийн хэсгээс зайдуу байрласнаас гадна тавцангуудын гол яс модон зангилаануудыг эвдэхээс сэргийлэн хөндөлдүүлсэн маягаар энд байрлуулсан болно.

5. Усны ачааллыг хүлээн авах эд анги

Толгойн хэсэгтээ хүлээн авсан салхины хүчдлийн улмаас хөвөгч авдар эргэлдэх хөдөлгөөнд орох үед энэхүү эд ангийн тусламжтайгаар сүүлэн хэсэг нь энэ хүчдлийг эсэргүүцэх нөлөөллийг үзүүлдэг байна. Энэ нь усан онгоц болон завьны чиглүүлэгч залууртай адилхан юм. Үүнд байж болох олон хувилбарууд бий. Гэхдээ бид Газар Дундын Тэнгист явж байсан хамгийн эртний хөлгүүдийн уртасгасан сүүлний эд ангитай дөхүүлэн энэ эд ангийг дүрсэлсэн болно.

Асуулт: Тэр их ус хаанаас гарч ирсэн юм бол?
“Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.” (Эхлэл 7:11-12)
Библи бидэнд уг усыг газрын дээрээс болон газрын доороос гарч ирсэн гэж хоёр эх үүсвэрийн тухай өгүүлдэг. Мэдээж энд өгүүлж буй газрын гүний ус гэдэг бол газар доорх усан сангууд болон цэвэр усны булгуудын тухай өгүүлж байгаа нь ойлгомжтой. Харин тэр үед галт уулын болон газар хөдлөлтийн нөлөөгөөр эдгээр нь сад тавин газрын дээр оргилон гарч иржээ. 10

Асуулт: Тэгээд тэр их ус хаашаа орчихов?
“Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.” (Эхлэл 8:3)
Хялбарчлан хэлбэл усан галвын усыг өнөөдөр бид тэнгис, далайд байгааг нь харж байдаг. Эх дэлхийн маань гадаргуун дөрөвний гурав нь усаар бүрхэгдсэн байдаг шүү дээ.
Хувьслын онолыг баримтлагч геологичид хүртэл эрт цагт өнөөгийн тивүүд нэгэн цул тив байсан бөгөөд өнөөдрийнх шиг хоорондоо өргөн их далайгаар тусгаарлагдаагүй байсныг батлан өгүүлдэг. Усан галвын үеэр үүссэн хүчнүүд ийнхүү өөрчлөгдөхөд хангалттай нөлөөлсөн байна.
Бичээс бидэнд Бурхан далайн сав газрыг тогтоож, хуурай газрыг усан дотроос өргөж галвын ус аюулгүй газар уруу буцсан хэмээн батлан өгүүлдэг. (Зарим теологичид Дуулал 104-р бүлэгт энэ үйл явдлын тухай өгүүлдэг хэмээн итгэдэг.) Зарим бүтээлийн онолчид энэхүү усан галваас үүдэлтэй тивүүдийн хуваагдал бол тектоникийн механизмын хэсэг байсан гэж итгэдэг.11
Харин зарим нь энэ тал дээр Эхлэл 10:25-р зүйлээс улбаалан тивүүдийн хуваагдал нь Пелегийн цаг үед хамааралтай гэж таамаглах нь бий. Гэсэн хэдий ч энэ хэсгийн (Эхлэл 10-11-р бүлэг) хам сэдэв нь Бабел цамхгаас үүдсэн бүх дэлхийн хэлний хуваагдлын талаар өгүүлж байдаг. Уг хам сэдэв бидэнд угсаатны бүлэг хийгээд хэлний хуваагдлын талаар өгүүлдэг болохоос биш газар дэлхийн хуваагдлын талаар өгүүлдэггүй.
Хэрвээ Пелегийн цаг үед тив дэлхийн хүчтэй хөдөлгөөн болсон гэвэл тэр үед бас өөр нэг бүх дэлхийг хамарсан усан галав болсон байж таарах нь. Библи хөвөгч авдрыг Арарат ууланд газардсан гэж өгүүлснээрээ (Эхлэл8:4) тэр үед Арарат уул байсныг гэрчлэн өгүүлдэг. Тэгэхээр Энэтхэг – Австралийн өндөрлөгүүд хийгээд Евразийн өндөрлөг газрууд тэр үед аль хэдийн байсан хэрэг болох нь. Энэ нь Пелегийн цаг үеэс өмнө тивүүд хэдийнээ хуваагдсан байсныг гэрчилж байна.

Асуулт: Ноагийн усан галав бүх дэлхийг хамарсан уу?
“Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ.” (Эхлэл 7:19-20)
Өнөөдөр олон христитгэгчид Ноагийн үеийн усан галав бол зөвхөн бүс нутгийн үер байсан гэж ярьдаг. Эдгээр хүмүүс чулуун давхаргууд дэлхийн сая сая жилийн насжилтаас үүдсэн давхаргууд хэмээн тайлбарладаг эх дэлхийн түүхийн хувьслын онолыг нийтлэгдээ хүлээн зөвшөөрдөг учир ийнхүү бүс нутгийн үер байсан гэж итгэдэг аж.12
Эрдэмтэд чулуун давхаргууд усаар зөөгдөж ирсэн шаварлаг хийгээд элсний тунадасуудыг агуулж буйг нэгэнт хүлээн зөвшөөрдөг болсон. Мэдээж энэ бол усан галвын үр дүн. Гэвч тэд бүх дэлхийг хамарсан усан галвын энэ нотолгоог өөрсдийнхөө санаагаар чулуун давхаргуудад агуулагдаж буй олон сая жилийн хуримтлал хэмээн одоо ч тайлбарласаар л байна. Тиймээс олон христитгэгчид үүнд буулт хийн бүх дэлхийн усан галав бус бүс нутгийн үер байсан гэж үзэх болжээ.
Хувьслын онолчид бүх дэлхийг хамарсан усан галав байсан байх боломжит байдлыг огт хайхардаггүй. Хэрэв тэд Библийн талаас хараад бодож үзвэл тэд бүх дэлхийг хамарсан усан галвын талаар хангалттай олон баримтуудыг олж харах болно. Нэгэн хүн “Хэрэв би үүнд итгэхгүй бол би үүнийг харахгүй” хэмээн хошигносон байдаг даа.
Чулуулгийн насжилтын талаарх хувьслын онол болон хувьслын цаг тооллыг хүлээн зөвшөөрдөг тэдгээр христитгэгчдийн хувьд үүгээрээ Адамын уналт хийгээд үүний ноцтой үр дагаврыг ч мөн үл хэрэгсэж байгаа хэрэг болно. Ингэснээрээ тэд Адам, Ева хоёр нүгэл үйлдсэнээр ертөнцөд үхэл хийгээд зовлон орж ирэхээс ч өмнө өвчин, зовлон хийгээд үхэл байсан гэж өөрсдөө батлан хэлж байгаа хэрэг болох нь. Тэгвэл улмаар Христийн үхэл болон амилалтын утга учрыг ч тэд утгагүй зүйл хэмээн үзэж буй хэрэг юм. Энэ байдал нь мөн бүх бүтээлээ бүтээж дууссаныхаа дараа Бурхан тэднийгээ хараад “нэн сайхан” гэж дүгнэснийг утгагүй зүйл болгож байгаа хэрэг болно.
Хэрвээ усан галав зөвхөн Месопотамийн бүс нутагт л болсон юм бол Ноад хөвөгч авдар бүтээх ямар хэрэг байгаа юм бэ? Тэрээр өөр тийшээ яваад уул уруу зугтан үлдэж болох л байсан шүү дээ. Хамгийн чухал нь хэрвээ усан галав бүс нутгийнх байсан бол өөр газар нутагт амьдарч байсан хүмүүс нь усан галавт өртөхгүй байх байсан. Тэд гэм нүглийнх нь дээр буулгасан Бурханы шийтгэлээс зугтааж үлдэх байсан.
Бүс нутгийн үер гэж үү?

Нэмж хэлэхэд, Есүс ч хөвөгч авдарт суугаагүй бүх хүмүүс усан галваар үхсэн гэж итгэж байсан. Тийм биш байсан бол Христ ертөнцийн эцсийн шүүлтийг Ноагийн өдрүүдийн “бүх” хүмүүсийн шүүлттэй яагаад зүйрлэх байсан гэж (Матай 24:37-39)?
2 Петр 3-р бүлэгт айсуй ирж буй галаар гүйцэтгэгдэх шүүлтийг Ноагийн усан галвын усаар гүйцэтгэгдсэн өмнөх шүүлттэй зүйрлэсэн байдаг шүү дээ. Ноагийн өдрүүдэд хэсэгхэн хүмүүсийн дээр шүүлт ирсэн гэж ярих юм бол ирэх шүүлт нь ч гэсэн хэсэгхэн хүмүүс дээр л ирж таарах уу?
Хэрвээ усан галав зөвхөн бүс нутгийнх байсан гэвэл ус нь яаж уулсын дээгүүр 15 тохой хальж байсан байхав (Эхлэл 7:20)? Ус үргэлж л өөрийнхөө түвшинг тогтоохыг эрмэлзэж байдаг. Ус зөвхөн нэгэн хэсэг уулыг л бүрхээд ертөнцийн бусад хэсэгт хүрээгүй байж таарахгүй.
Өнөөгийн Эверестийн оргил хүртэл нэгэн цагт усаар бүрхэгдэж байсан бөгөөд түүний дараа эдгээр уулс дээш өргөгдсөн юм.13 Хэрвээ бид далайн сав газрыг уулстай тэгшитгэлээ гэж бодвол бүх дэлхийг 2,7 км-ийн гүнтэйгээр бүрхэн халих хэмжээний ус далайд бий.14 Бас энд далайн болон уулсын түвшинтэй зэрэгцүүлэн цохон тэмдэглэх ёстой нэг чухал зүйл нь хүчилтөрөгчийн баг зэрэг тусгай төхөөрөмжгүйгээр хөвөгч авдар өнөөгийн Эверестийн оргилын дээгүүр хөвөн явах боломжгүй юм.
Үүгээр ч зогсохгүй, хэрэв усан галав бүс нутгийн галав байсансан бол Бурхан газар дэлхий дээр дахин ийм усан галав буулгахгүй гэсэн Өөрийн амлалтаа удаа дарааллан зөрчиж галвуудыг буулгаж байсан болох нь. Ингэж усаар бүх дэлхийг ахин устгахгүй гэж хүн болон амьтадтай хийсэн гэрээнийхээ тэмдэг болгож Бурхан солонгыг бий болгосон. Гэтэл саяхны жишээг татсан ч маш олон орон нутгийн үерүүд (жишээлбэл, Бангладешт болсон явдлыг энд дурьдаж болно) болсон боловч харин тэр цагаас хойш өнөөг хүртэл бүх дэлхийг хамарсан усан галав дахиж болоогүй.

Асуулт: Тэгвэл Ноагийн усан галвын баталгаа нь дэлхий дээр бий юу?
“Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж.” (2 Петр 3:5-6)
Ноагийн усан галвын баримтуудыг бид дэлхийн өнцөг булан бүрээс, далайн ёроолоос ч, уулсын оргилоос ч олж харж болно. Та автомашинаар, галт тэргээр, эсвэл онгоцоор ч явсан галт уулын тогоо, хөндий хавцлуудаас эхлээд нүүрсний давхаргууд, хөндий агуйнуудыг хүртэл бүх дэлхийн газар нутаг болж өнгөрсөн аймшигт гамшгийг маш тодорхой гэрчлэн буйг харж болно. Тив дэлхийг дамнан тогтсон газрын зарим үе давхаргууд ч агуу гамшгийн үр нөлөөг илтгэн харуулсаар байна.
Дэлхийн царцдас ч тунадас агуулсан чулуулгийн үеийг асар ихээр агуулан буй. Зарим хэсэгтээ энэ нь бүр хэдэн арван километрийн гүн ч үргэлжилж буй. Элс, шороо болон бусад материалуудаас бүрдсэн энэ үеүүд ихэвчлэн усаар зөөгдөн ирсэн зөөлөн (шаварлаг) давхаргууд байдаг. Энэхүү тунадасжсан үеүүдэд хоромхон хугацаанд үхэлд нэрвэгдсэн хэдэн тэрбумаар тоологдох ургамлууд хийгээд амьтдын чулуужсан биесүүд бий. Баталгаа нь бүх дэлхий даяар хүн бүрийн нүдний өмнө тод томруунаар харагдаж байна.

Асуулт: Ноагийн хөвөгч авдар өнөөдөр хаана байгаа юм бол?
“Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов.” (Эхлэл 8:4)
Хөвөгч авдар ууланд газарджээ. Энэхүү уулын эртний нэр нь энэ бүс нутаг Ойрхи Дорнодод байсан болохыг илтгэдэг. Магадгүй өдгөөгийн Туркад байдаг Арарат уул ч юм уу, эсвэл ойр хөрш уулсуудад нь байрлах уулсын нэг нь ч байж болох юм.
Тэр дундаа Арарат уул мөнх цаст уул учир хүмүүсийн анхаарлыг онцгойгоор татдаг билээ. Зарим хүмүүс тэнд хөвөгч авдрыг харсан гэж мэдэгдэж байсан. Олон ч экспедицүүд тэнд хөвөгч авдрыг хайж байлаа. Гэвч хөвөгч авдрыг өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн эсэх хийгээд түүний хаана байгаа талаар ямар ч баримт алга. Гэвч эцсийн эцэст хөвөгч авдар уулан дээр 4500 жилийн өмнө газардсан. Тиймээс элэгдэн өмхөрч муудсан, эсвэл эвдэрч сүйдсэн, эсвэл бүр Ноа болон түүний үр хүүхдүүд үүнийг банз, дүнз болгон ашигласан ч байж болно.
Зарим судлаачид хийгээд Библийн эрдэмтэд хөвөгч авдар болон Гэрээний Авдар, мөн бас бус зарим Библийн эд зүйлс үнэндээ нууцлагдан хадгалагдсан байгаа бөгөөд хожим нэгэн өдөр ирээдүйн шүүлтэнд сэрэмжлүүлэхийн тулд урдны шүүлтийг сануулахаар илчлэгдэн гарч ирэх болно гэж итгэдэг. Гэхдээ Есүс нэгэнтээ “Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг (эдгээрээр Бурханы Үг буюу Библийг илэрхийлэн хэлж байна С.Б) сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” хэмээн өгүүлснийг санахад илүүдэх юун.
Хөвөгч авдар ямар нэгэн ер бусын хүч оролцоогүйгээр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн гэвэл үнэмшил муутай юм. Библид ч тийм амлалт, тийм өгүүлэмж огт байхгүй. Гэсэн хэдий ч үүнийг өнөөг хүртэл оршин байгаа эсэхийг нягталж үзнэ гэдэг бол сайхан санаа шүү.

Асуулт: Бурхан яагаад Өөрийнхөө бүтээсэн дэлхийг устгасан юм бэ?
“ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,... ...Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.” (Эхлэл 6:5, 8)
Эдгээр ишлэлүүд тэдний тухай тодорхой өгүүлж байна. Дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүс өөрсдийн хорон муу байдалдаа ууссан байжээ. Гэвч Ноагийн хувьд Бурханы өмнөх түүний зөвт байдал нь түүнийг болон түүний эхнэр, хөвгүүд, бэрүүдийг нь ч Бурханы шийтгэлээс хэлтрүүлжээ. Хүмүүний бузар муу байдлын эцсийн үр дүнд Бурхан бүх хүн төрөлхтөний дээр шийтгэлийг буулгасан. Энэхүү аймшигт сүйрлийн үед нэг ч хүнд Бурханы өмнөөс тоочих шалтаг байсангүй.
Мөн Бурхан энэхүү усан галвыг Өөрт нь итгэгчдийг үл итгэгчдээс тусгаарлан, ариусгахад ашигласан. Библийн түүхүүдийг бүхэлд нь сөхөн харвал тусгаарлалт, ариусгал, шүүлт, аврал гэсэн тойрог үйл явц үе, үе давтагдсан байдаг.
Ертөнцийн түүхийг үнэн зөвөөр нь өгүүлж буй Ариун Библийн ойлголтгүйгээр, үнэний мэдлэггүйгээр, Бурхангүйгээр хүн нэгэн ижил алдаануудыг ахин дахин үйлдсээр мөхөх болно.

Асуулт: Христ хөвөгч авдартай аль талаараа адилхан бэ?
“Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм.” (Матай 18:11.
Бурханы Хүү, Эзэн Есүс Христ Ноагийн хөвөгч авдартай тун адилхан. Мэдээж төрх байдлаараа биш л дээ. Харин гүйцэтгэсэн үүргээрээ тун адилхан. Есүс алдагдсаныг хайж, аврахаар ирсэн. Ноа болон түүний гэр бүл хөвөгч авдраар дамжуулан Бурханы усан галвын шийтгэлээс аврагдсан шиг бидний Эзэн Аврагч Есүст итгэгч хэн ч гэсэн эцсийн өдөр хүмүүсийн дээр ирэх сүүлчийн шүүлт болох бүх дэлхийг устгах галан шийтгэлээс аврагдах болно (2 Петр 3:7).
Ноа болон түүний гэр бүл аврагдахын тулд хөвөгч авдрын үүдээр нь орох ёстой байсан бөгөөд тэд тийнхүү орсон. Тэдний араас нь Бурхан хаалгыг нь хаасан гэж Бичээст өгүүлдэг (Эхлэл 7:16). Түүнчлэн бид ч мөн мөнхөд Бурханаас тусгаарлагдан тамд үлдэхгүйн тулд “ҮҮД”-ээр орох ёстой. Бурханы Хүү Есүс бидний бузар муу гэм нүглийн төлөөсийг (шийтгэлийг) төлөхийн тулд энэ дэлхийд хүрч ирсэн. Есүс нэгэнтээ “Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч тэжээлээ олно” (Иохан 10:9) гэж айлдсан билээ.

Тэмдэглэгээ

  1. Тохойн хэмжээс нь хүний гарын тохойноос хурууны үзүүр хүртэлх уртын хэмжээс юм. Эртний тохойн хэмжээсүүд нь 45 см-аас 56 см-ийн хооронд хэлбэлздэг бөгөөд эртний барилга байгууламжуудад ихэвчлэн урт хэмжээсийг нь зонхилон хэрэглэдэг байжээ. Гэвч энд үүнийг эс тооцон хөлөг онгоцны хэмжээг тодруулахдаа 46 см-ийн уртаар тохойн хэмжээсийг авч хэрэглэлээ.
  2. Үүний баримтыг Др.Дональд Читтикийн (Dr. Donald Chittick) The Puzzle of Ancient Man (орчуулбал: Эртний хүний нууц С.Б.), Creation Compass, Newberg, Oregon, 1998, номоос үзнэ үү. Энэ номонд эртний усан галваас өмнөх соёл иргэншлийн үеийн хүний оюуны чадавхийн тухай баримтуудыг дурдсан байгаа.
  3. Үлэг гүрвэлүүдийг саяхныг хүртэл оршин байсан талаар хэд хэдэн баримтуудыг The Great Dinosaur Mystery Solved (орчуулбал: Үлэг гүрвэлүүдийг агуу оньсого тайлагдлаа С.Б.), New Leaf Press, Green Forest, Arkansas, 2000, номоос үзнэ үү. Мөн www. answersingenesis.org/go/dinosaurs холбоосоор зочилж үзээрэй.
  4. J. Woodmorappe, Noah’s Ark: A Feasibility Study, Institute for Creation Research, Santee, California, 2003.
  5. Нэгэн жишээ: өнөөдөр бяцхан пүүдлээс эхлээд Монгол банхрыг хүртэл анхны өвөг нохойн “төрөл”-ийн (энэ төрөлд чоно, зэрлэг нохой зэрэг ч багтана) үр удам нь болох 200 гаран үүлдрийн нохой байна. Муурын төрөл, адууны төрөл, үхрийн төрөл гэх мэтээр бусад амьтны төрлийн хувьд ч байгалийн болон селекцийн замаар үржилд орсны үр дүнд өнөөдөр гайхамшигтай олон зүйлийн амьтад бий болжээ. Бурхан бүх төрлийн амьтдын болон хүний ч генийн кодонд энэхүү олон төрөл зүйлийн түлхүүрийг “програмчилж” өгсөн юм! Түүнчлэн Бурхан өөр өөр төрлийн амьтад хоорондоо үржилд орж, өсөн үржих боломжгүй болгосон юм. Жишээлбэл, нохой, муур хоёр хоорондоо үржилд орж шинэ төрлийн амьтныг үүсгэж чадахгүй. Энэ бол Бурханы бүтээсэн зохицол бөгөөд энэ ганцхан баримт л гэхэд хувьслын онол бол боломжгүй зүйл гэдгийг баталж байгаа юм.
  6. Woodmorappe, Noah’s Ark: A Feasibility Study, 16.
  7. Woodmorappe-гийн Noah’s Ark: A Feasibility Study номын энэ талын судалгааны хэсгийг нягталж үзээрэй.
  8. Hong, et al., Safety Investigation of Noah’s Ark in a seaway, TJ 8(1):26–36, April 1994. www.answersingenesis.org/tj/v8/i1/noah.asp
  9. Seok Won Hong, Warm greetings from the Director-General of MOERI (former KRISO), Director-General of MOERI/KORDI, www.moeri.re.kr/eng/about/about.htm
  10. Энэ тал дээрх гүнзгийрүүлсэн судалгааг Nozomi Osanai-гийн A Comparison of Scientific Reliability хэмээх Библийн Эхлэл ном болон Гилгамешийн домог дахь усан галвын тухай мэдээллийн харьцуулсан судалгаанаас үзээрэй. Мөн www.answersingenesis.org/go/gilgamesh холбоосоор ороорой.
  11. Др. Эндрью Снеллингийн (Dr.Andrew Snelling) энэ тухай дэлгэрэнгүй нийтлэлийг олж үзээрэй.
  12. Дэлхий хэдэн тэрбум жилийн настай биш гэсэн хөдөлшгүй баримтуудыг Др.Жон Моррисын (Dr. John Morris) The Young Earth болон Др. Дон ДеИонгийн (Dr. Don DeYoung) Thousands …not Billions зэрэг бүтээлүүдээс үзээрэй. Мөн www.answersingenesis.org/go/young холбоосоор нягталж үзэж болно.
  13. Эверестийн оргил л гэхэд 8 км-ээс ч өндөр. Тэгвэл “тэнгэрийн доорх бүх уулс”-ыг усан галвын ус хэрхэн бүрхсэн байх вэ? Усан галваас өмнө уулс тийм ч өндөр байсангүй. Өнөөгийн уулс маань усан галвын эцэст буюу дараа нь тектоникийн хөдөлгөөний үр дүнд үүсэн бий болсон юм. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, Эверестийн оргилын хамгийн өндөрлөг хэсгүүдийн давхаргуудад ч чулуужсан амьтад хийгээд усны тунадас бүхий давхаргууд бас байдаг билээ.
  14. A.R. Wallace, Man’s Place in the Universe, McClure, Phillips & Co, New York, 1903, 225–226; www.wku.edu/~smithch/wallace/S728-3.htm
Эх сурвалж: www.answersingenesis.org

http://tulguur.blogspot.com/2009/12/blog-post_727.html

"Булангийн тулгуур чулуу" блогоос авлаа..
http://tulguur.blogspot.com/2009/12/blog-post_727.html

1 comment:

  1. Сайн байна уу? Өмнөх блог дээрээсээ энэ нийтлэлийг хуулахдаа зургийнх нь линкийг засалгүй хуулж оруулсан байна. Уучлаарай. Линкүүдийг засаж орууллаа. Зургуудыг дахин хуулж оруулвал илүү сонирхолтой болох байх. http://tulguur.blogspot.com/2009/12/blog-post_727.html хаягаар ороод дахин хуулбал зурагтайгаа орох байхаа.

    ReplyDelete

 
Get Free 3 Column Templates Here