Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Sunday, May 29, 2011

Библийн монгол хэл дээрх орчуулгын түүхээс


Та бүхэндээ Библийн монгол хэл дээрх орчуулгын түүхийн зарим чухал ном баримтуудыг маш товчхон танилцуулъя. Өнгөрсөн өвлийн сургалтан дээр энэ сэдвийн тухай илүү дэлгэрэнгүй баримт, зураг хөрөгнүүдийг бүгдээрээ үзсэн. Энд тэр үед байгаагүй зурагнуудыг нэмж байгаа болно. Зураг тус бүрийнх нь дор товч тайлбар тавилаа.
Монгол хэл дээр 1300 оны эхээр хамгийн анх Шинэ гэрээ, Дуулал ном орчуулагдсан бөгөөд харамсалтай нь хадгалагдаж үлдсэн хувь байдаггүй. Дараагийн орчуулга нь 1819-27 онд хэвлэгдсэн Иаков Шмидтийн орчуулга бөгөөд тэр үеэс хойшхи орчуулгууд хадгалагдаж иржээ. Дараагийн нэгэн маш чухал орчуулга бол 1835-46 онд хэвлэгдсэн, Сталлибрасс, Сваны орчуулсан ХГ, ШГ юм. Үүнээс хойш хэд хэдэн засвар хийгдэж, шинэ орчуулгууд ч гарч ирсэнийг бид мэднэ. Монголын орчуулгын түүхийн энэхүү баялаг өвийг харамсалтай нь бидний олонх маань мэддэггүйн нэг учир нь хадгалагдаж үлдсэн ихэнх хувиуд нь гадаадын номын сангуудад, ихэнх монголчууд харах, унших, мэдэж авах боломжгүй байдагтай холбоотой. Нөгөө шалтгаан нь Монголд хадгалагдаж үлдсэн хувь бараг байдаггүй, ялангуяа социализмын үед үрэгдэж устгагдсан байх өндөр магадлалтай. Харин ямар ч байсан Бурхан монголчууд бидэнд мөнхийн үгээ олон зууны туршид тодорхой хэмжээгээр өгсөөр ирсэн гэдгийг ухаарч, бас үүнд талархах нь зүйтэй болов уу.
Христийн сургаал, христитгэл зөвхөн 1990-ээд оноос хойш л Монголд дэлгэрсэн юм шиг ойлгодгийг залруулах нэг томоохон баримт бол монгол хэл дээр хийгдэж ирсэн, одоогоор үлдэж хоцорсон хамгийн анхных нь бараг 200 жил дөхөж байгаа эдгээр орчуулгын хувиуд юм. Та бүхэндээ энэхүү зураг хөрөгнүүдийг хүргэж байгаадаа үнэхээр баяртай байна.
Иаков Шмидт Волга мөрний эргээр суурьшсан халимагчуудын дунд суурьшин, ажиллаж, хэлийг нь сурчээ. Тэрээр Номт, Бадмаа гэдэг хоёр буриадын хамт Шинэ гэрээг орчуулж, 1827 онд хэвлүүлжээ. Үүнээсээ өмнө 1819 оноос Сайн мэдээний номууд, Үйлсийг тусад нь хэвлэн гаргасан байна. Шмидт мөн халимаг буюу өөрийнх нь хэлснээр “монгол ойрд” хэлээр Шинэ гэрээг орчуулан гаргасан нь мөн хадгалагдан үлджээ.
1835-40 оны хооронд Пэнтатухын таван номыг тус тусад нь хэвлэн гаргажээ. Энэ хэвлэлтэд “Бурхан”, “Иахова” гэдэг үгийг том фонтоор онцлон тэмдэглэсэн байдаг. 1840 онд Хуучин гэрээг бүхэлд нь хэвлэн гаргахдаа ийм тодотгол хийгээгүй байна.
1840 онд хэвлэгдсэн Хуучин гэрээ. Энэ бол монгол хэл дээр анх удаа Хуучин гэрээ орчуулагдсан гарсан нь бөгөөд эх еврей хэлнээс нь орчуулсан нь томоохон амжилт байлаа. Энэхүү ажлыг хийхийн тулд орчуулагчид гэр бүл, эрүүл мэндийн хувьд ихээхэн бэрхшээлийг туулж, эхнэр хүүхүүдээ ч энэ явцад алджээ. Өнөөдөр Буриадын Сэлэнгинскт тэдний булш байдаг билээ.
1846 онд хэвлэгдсэн Шинэ гэрээ. Сталлибрасс, Сван нар эх грек хэлнээс нь орчуулан гаргасан.
1872 онд Эдкинс, Шересчевский нар Матайн Сайн мэдээ номыг засварлан хэвлэжээ. Удалгүй 1880 онд Шинэ гэрээг мөн засварлан, Лондонд хэвлэсэн байна.
1900 онд Матайн Сайн мэдээний номыг тусад нь хэвлэсэн байдал (зүүн талд). 1913 онд Эхлэл, Сайн мэдээний номуудыг засварлажээ (баруун талд). Уг засварыг Ларсон, Алмблад нар хийжээ.
1921 онд хэвлэсэн Сургаалт үгс ном. “Соломоны эрдэнэ үгс” хэмээн нэрлэж байжээ. Дараагийнх нь 1939 онд тусад нь хэвлэсэн Дуулал буюу “Псалма” ном.
1952 онд хэвлэгдсэн дахин шинэчлэн засварласан Шинэ гэрээ. Энэхүү багт Матай, Гэндэн, Рэнчиндорж хэмээх гурван монгол оролцсон бөгөөд Стуарт Гунзел тус багийнханхныг Хонконгод удирдан ажлаа дуусгажээ.
1952 оны Шинэ гэрээг монгол бичгээс кирил үсгэн дээр буулган хэд хэдэн номоор нь тусад нь хэвлэн гаргасны 1983 оны Иоханы сайн мэдээ энд харагдаж байна. Энэхүү ажлыг хийсэн Китамура 1998 онд Шинэ гэрээ, 2005 онд засварласан Шинэ гэрээг хэвлэсэн юм.
1990 онд Жон ба Алтаа Гиббенсийн орчуулан хэвлүүлсэн Шинэ гэрээ. Энэхүү шинэ орчуулгын онцлог нь тексттэй холбоотой тайлбар, нэмэлт мэдээллийг тусад нь заалгүй, харин ишлэл зүйлд нь оруулж, утгачилан орчуулсны зэрэгцээ урьд өмнөх орчуулгуудад хэрэглэгдэж байсан “Бурхан” гэдэг нэр томъёог бус “Ертөнцийн Эзэн” гэдэг шинэ нэр томъёо хэрэглэжээ. Өмнөх орчуулгуудаас ялгарах бусад онцлогууд бий.
֥
Монголын Библийн Орчуулгын Хороо (одоогийн Монголын Библийн Нэгдсэн Нийгэмлэг) 1993 оноос эхлэн шинэ орчуулган дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1995 онд Марк, Иохан, 1996 онд Шинэ гэрээг хэвлэн гаргажээ. Тус шинэ орчуулгын онцлог гэвэл уламжлалт “Бурхан” гэдэг ерөнхий нэр томъёог дахин хэрэглэж, үгчилсэн байдлаар орчуулах зарчмыг баримталж, англи хэл дээрх New American Standard гэдэг орчуулгыг үндсэн суурь текстээ болгосон байна. 2000 онд Хуучин ба Шинэ гэрээ хамтдаа хэвлэгдсэн нь кирил үсгээрх анхны бүтэн Библи болов. Өнөөдөр Монгол улсад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Библи маань энэ билээ.
Олон зууны туршид мөнхийн Үгээ бидэнд хайрласаар ирсэн Бурхан Эзэндээ талархая. Мөн Бурханы ариун үгийг бидэнд эх хэл дээр маань хүргэх гэж амь амьдрал, эрүүл мэнд, гэр бүл, нөр их хүч хөдөлмөрөө өгсөн гадаадын ахан дүүс, бас монгол эцэг өвгөддөө талархаж явах нь зүйтэй юм. Энэхүү товч түүх Бурханы үгийг улам хайрлан, нандигнаж, үнэлж, амьдралдаа хэрэгжүүлж үр шимийг нь амсан явахад маань цаглашгүй их үр шимээ өгөх болтугай!

http://www.ukmcf.com/?p=1168

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here