Зохиогчид: Кен Хам болон Тим Ловетт нар (2007.10.11)
Ноа болон түүний хөвөгч авдар бол яах аргагүй хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн алдартай үйл явдлуудын нэг билээ. Харамсалтай нь бусад Библийн түүхэн үйл явдлуудын нэгэн адил олон хүмүүс үүнийг эртний үлгэр домог төдийхнөөр төсөөлдөг.
Библи бол ертөнцийн үнэн түүхийг өгүүлсэн ном юм. Тэр ч утгаараа Ноагийн усан галав болон хөвөгч авдрын тухай асуултууд итгэл төгс, бүрэн дүүрнээр хариулагдах учиртай.
Асуулт: Ноагийн хөвөгч авдар хэр том байсан бол?
“Хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.” (Эхлэл 6:15)
Этгээд марзан маягаар дүрсэлсэн зарим нэг зураг шиг хөвөгч авдар ямар нэгэн өндөр байшин барилга шиг (дээд давхарт нь анааш зэрэг нь байрлаад цухуйж буй байдалтай ч юм уу) байсангүй. Харин Библид үүнийг тодорхойлсныг үзвэл энэ бол яах аргагүй аварга том хөлөг онгоц байсан. 1800-аад оны сүүлч хүртэл Ноагийн хөвөгч авдрын дайтай аварга хөлөг онгоцыг хүн төрөлхтөн бүтээж чадаагүй юм.
Хөвөгч авдрын хэмжээсүүдэд бидний үнэмшлийг төрүүлэх хоёр зүйл байна: эхнийх нь, харьцааны хувьд энэ нь орчин үеийн тээврийн хөлөг онгоцнуудын харьцаатай адил байна. Хоёрдугаарт, модоор бүтээсэн хөлөг онгоц боловч хэмжээний хувьд хангалттай том байсан. Дээр дурдсан тохойгоор (cubit) өгөгдсөн хэмжээс нь бидэнд бодит хэмжээнийх нь талаар сайн зураглалыг өгч байна1. Тохойгоор өгөгдсөн хэмжээсийг ашиглаад бид хөвөгч авдар уртааш 137 метр, өргөөш 23 метр, өндрөөш 14 метр байсныг мэдэж болно. Өрнөдөд, модон хөлөг онгоцыг хэзээ ч 100 метрээс уртаар хийж байгаагүй бөгөөд эртний Грекчүүд ойролцоогоор 2000 жилийн тэртээд ийм хэмжээтэй хөлөг онгоц бүтээж байсан байна. Хятадад 1400-аад оны үед хөвөгч авдрын хэмжээнд дөхөж очихуйц аварга хөлөг онгоцнуудыг хийж байжээ. Өнөөгийн дунд хэрийн ачааны хөлөг онгоцны хэмжээтэй Библийн энэхүү хөвөгч авдар бол бүх цаг үеийн хамгийн том модон хөлөг онгоцнуудын нэг юм.
Асуулт: Ноа хөвөгч авдрыг яаж барьж чадсан юм бол?